Аз жаргалтай гэр бүлийн 5 шинж

Аз жаргалтай гэр бүл аливаа зүйлийг бусдаас арай өөрөөр хийдэг. Тэд зөв амьдралын хэвшилтэй байдаг нь аз жаргалтай амьдралынх нь гол нууц гэнэ. Мэдээж хэрэг гэр бүл цаг үргэлж аз жаргалтай байдаггүй ч багахан өөрчлөлт амьдралын тань ихэнх өдрүүдийг сайхан болгоход тус болно. Сайн зуршил бүх зүйлд эерэгээр нөлөөлдөг. Ингээд аз жаргалтай гэр бүлийн 5 чухал шинжтэй танилцацгаая! 

1. Аз жаргалтай гэр бүл өөрсдийн дагаж мөрддөг уламжлалтай байдаг.

ЗАВГҮЙ гэдэг энэ үг сүүлийн үед хамгийн их хэрэглэгдэж байна. Гэвч бараг л худал шахуу халхавч болсон гэлтэй. Хүн ямар нэгэн чухал гэх зүйлийг хийснээр бусдыгаа байтугай өөрийгөө ч анхаарахаа мартаж орхидог. Харин аз жаргалтай гэр бүл өөрсдөдөө хамт байх цагийг заавал гаргадаг. Тиймээс гэр бүлдээ ямар нэгэн байдлаар цаг зав гаргаж хамтдаа ямар нэг зүйлийг хийж байх нь үнэхээр чухал. Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслол, энгийн амралтын өдрүүдээр ч тэр - хамтдаа байж цагийг зугаатай өнгөрөөх нь насаараа дурсах сайхан дурсамжуудыг бий болгоно. Жишээ нь амралтын өдөр гэр бүлээрээ хоол хийх, баасан гарагийн үдэш бөөнөөрөө гэртээ даалуу эсвэл хөзөр тоглох, сардаа нэг, хоёр удаа салхинд гарах, ууланд авирах гэх мэт хамтдаа хийх сонирхолтой зүйлсийн жагсаалт маш их бий.  

2. Аз жаргалтай гэр бүл хамгийн өгөөмөр байдаг

Хэн нэгэнд хэрэгтэй үед нь туслана гэдэг хамгийн сайхан зүйл биш гэж үү? Хүнд үе тохиолдоход тусламжийн гараа сунган таныг баярлуулж байсан танилууд цөөнгүй л байдаг биз дээ? Тэгвэл бусдын хувьд ч бас адилхан. Тиймээс боломжтой, бололцоотой байгаа дээрээ бусдад тусалж, өгөөмөр байцгаая! Сайн  үйл хийснийхээ хариуд та болон танай гэр бүл эерэг энерги, зөв сайхан бодлоор хүрээлэгдэх болно. Тиймээс та өөрийн хүүхдүүдээ хэрэгтэй үед бусдад туслах, өөрт байгаагаа бусадтай хуваалцах зэрэг сайн үйлсэд оролцуулж байх хэрэгтэй. Өгөөмөр сайхан сэтгэлийн үүднээс хийж болох маш олон зүйлсээс жишээ болговол:  

  • Эрүүл мэндийн ямар нэгэн хөдөлгөөн, идэвхитэй амьдралыг уриалсан бүх нийтийн гүйлт, дугуйн аялалд оролцох
  • Цэцэг, мод тарих ажилд сайн дураараа нэгдэх
  • Хоол хүнс цуглуулах, бусдад тараах ажилд гар бие оролцох
  • Гэртээ хэрэглэхээ болисон ахуйн тавилга, хэрэгслийг мөн багадсан эсвэл өмсөхөө байсан хувцас, гутлаа хандивлах

3. Аз жаргалтай гэр бүл амар амгалан, сайхан сэтгэлийг эрхэмлэдэг

Хамаатнууд хааяахан үл ойлголцдог ч энэ бол амьдрал дээр байдаг л нэг зүйл. Гэхдээ ямарваа нэгэн маргаантай асуудал дээр эв эеийг эрхэмлэх, болж өгвөл нэгэндээ муу үг хэлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэснээр асуудлыг бага зэрэг намжаах ба учраа ололцоход илүү амар болно. Уурлаж бухимдах үедээ том амьсгаа аваад тайвширч, асуудалд уураар биш эрүүл ухаанаар хандах нь чухал. Энэхүү зөв хэвшлийг буй болгоход бүх зүйл таны хандлагаас шалтгаалах учир өөрөөсөө эхлээрэй!

4. Аз жаргалтай гэр бүл аливаа зүйлд итгэх гүн итгэлтэй, бурханлиг байдаг.

Энэ дэлхийн хаа нэгтэйгээс биднийг ивээж байдаг тэр нэгэн хүчин зүйлийн тухай үр хүүхдүүддээ ярьж, итгэл үнэмшилтэй болгох хэрэгтэй. Гэхдээ шашин шүтэх эс шүтэх нь хүүхдүүдийн тань сонголт байх ёстой. Гэсэн хэдий ч ямарваа нэгэн зүйлд итгэх гэдэг маш их ач холбогдолтой учир энэ бүхэнтэй танилцах боломж бололцоогоор нь бүрэн хангах хэрэгтэй. Хамгийн энгийнээс эхлэх нь чухал. Яваандаа хүүхдүүд тань өөрсдөө юунд итгэхээ сонгох болно.

5. Аз жаргалтай гэр бүл анхаарлаа сайн сайхан руу илүү хандуулж аливаад бага санаа зовдог.

Маш олон гэр бүл амьдралд тохиолдох аливаа асуудлуудад хэтэрхий их санаа зовсноор жижигхэн* гэхдээ амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг дэмий өнгөрүүлж байдаг. Инээдтэй зүйл нь бид өөрсдөө л санаа зовж байя гэдэг шийдвэр гаргадаг. Харин аз жаргалтай гэр бүл аливаад бухимдаж уурлалгүйгээр тайван амгалан байхыг илүүд үздэг гэнэ. Амьдрал энгийн тайван байх нь хамаагүй дээр хэмээн үзэж өөрсдөө жаргалтай байх замыг сонгосноор жижигхэн асуудлыг том болгож дэвэргэлгүй маш хурдан эв зүйгээр шийдвэрлэж чаддаг байна.

 

 

Аз жаргалтай гэр бүл өөрсдийн бүтээсэн амьдралдаа ажил, сургууль, сонирхол, найз нөхдийн уулзалт гэх зэрээр бусдын л адил ЗАВГҮЙ амьдарч байгаа. Гэхдээ тэд тулгарсан жижиг асуудлыг хурдан шийдэж, том асуудлыг хэт дэвэргэлгүй тэр дор нь шийддэг гэнэ. Тэд гарсан асуудлууд дээр нэг нэгнийхээ бодлыг сонсож, харилцан ярилцаж ойлголцдог. Үүний үр дүнд гэр бүлийн бүх гишүүд амар амгалан байж, бие биедээ илүү нээлттэй болдог байна.

 

Гэр бүл бүр АЗ ЖАРГАЛТАЙ байх болтугай! ^.^

 

UMBRELLA FASHION MAGAZINE: Хэрвээ та энэхүү орчуулгын нийтлэлийг хуулбарлан ашиглах бол Umbrella fashion сэтгүүлийн нэрийг дурдах хэрэгтэй. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Баярлалаа!

ЦАГИЙН ХУВААРЬ

Меtromall их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.00 - 20.00 цаг, амралтын өдөр 11.00 - 20.00 цаг,

Moscow их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.30 - 21.00 цаг, амралтын өдөр 11.00 - 21.00 цаг хүртэл ажиллана.


Утас: 88113941